Их Британий их сургуулиудын бэлтгэл хөтөлбөр NCUK-ийн төгсөгч Цолмонгийн сэтгэгдэл

18 April, 2019
Сайн байна уу, намайг Төгөлдөрийн Цолмон гэдэг. 2017 онд Шинэ Эрин сургуулийг төгссөн. Одоо Мальта улсын The European College of Malta-д сурч байна.
Би багаасаа математик, эдийн засгийн хичээлд сонирхолтой байсан. Гэхдээ миний үед Эдийн засаг ордоггүй байсан бөгөөд би эргэлзээд Бизнес сонгоогүй юм. Одоо миний сурч байгаа сургууль нь NCUK Business International Foundation Year programme гэдэг, UK-н гэрээт 16 их сургуульд орох сонирхолтой олон улсын хүүхдүүдийн хөтөлбөр юм. Их Британийн бакалаврын хөтөлбөр нь мэргэжлээсээ шалтгаалан ихэвчлэн 3 жил байдаг бөгөөд энд, International Foundation Year-д нэг жил болоод дараа нь 3 жил үндсэн их сургуульдаа сурдаг.
 
Хэрвээ 3 ширхэг А level-ийн дүн, IELTS оноо байвал Их Британийн их сургуульд шууд өөрөө хандаж болно. Надад зөвхөн Mathematics Physics 2-ийн A level дүн байсан бөгөөд би анх Америк руу явахыг хүсэж байсан болохоор IELTS биш TOEFL оноотой байсан. Миний бодлоор Америкийн их сургуулиудад чамд хэрэгтэй бүх юм байдаг, хоолоо ч өөрөө хийдэггүй болохоор шууд ахлах сургуулиа төгссөний дараа явна гэж бодоход надад айх юм байгаагүй. Харин Европийн их сургуулиуд бол өөр байсан, бараг сургуулийн өөрийн campus ч байхгүй, шууд 10 жилээ төгсөөд явахад би арай бэлэн биш байсан болохоор энэ Мальта гээд арал улс дээр нэг жилийг сайхан амрангаа өөрийгөө бэлдэж суралцах, бие дааж амьдрах чадвартай болж өнгөрөөхийг хүссэн юм.
Монголд байдаг энэ сургуулийн зуучлагч agent-р дамжуулж apply-дсан бөгөөд энэ жилийн хувьд Монголоос 4 хүүхдэд тус бүрд нь 100%, 50%, 35%, 35%-ийн тэтгэлэг өгсөн. Тэтгэлгээ өгөхдөө Бизнес, Англи хэл ба Математикийн мэдлэгийг чинь шалгана. Миний TOEFL-ийн оноо Англи хэлний шалгуурт нь хангалттай байсан болохоор би нэмэлт шалгалт өгөөгүй. Зөвхөн математикийн шалгалтыг нь өгөөд, бизнесээр 1500 үгтэй эсээ бичсэн. Миний эсээ болон шалгалтын материалыг Монголоос шууд Мальта улс руу явуулж хариу нь ирэхэд би 100% тэтгэлэг авсан байсан. Гэхдээ энэ тэтгэлэг нь зөвхөн сургалтын төлбөр учраас байр хоолоо өөрөө гаргаж байгаа.

Би 12-р ангидаа Хятад, Америкийн сургуулиуд руу хандаад тэнцсэн боловч сэтгэлд нийцсэн сургуулийнх нь тэтгэлгийн хэмжээ гологдоод, тэтгэлэг нь болсон сургууль нь тийм ч сайн ranking-тай байгаагүй болохоор нэгэнт л амьдралынхаа 4 жилийг өнгөрөөх юм чинь гээд сайн сургууль руу орохоор шийдсэн юм.
Эндхийн хичээл болгон нь дундаа 10-15 минутын завсарлагаатай, 3 цагаар ордог. Эдийн засаг, Бизнес, Математик (for Business), English (for Academic Purposes) гэсэн хичээлүүд үзэж байгаа. 2 семестр тус бүрдээ нэг, нэг coursework хичээл болгон дээр хийнэ. Тэр – coursework нь тус бүр нийт дүнгийн 10, 10% эзэлнэ. Эхний улирлын шалгалт бас 10%, үлдсэн 70% нь 2-р улирлын шалгалтын дүн болно.
Сурах орчин нь үнэхээр гоё. Дулаан цаг агаартай орон болохоор өвөлдөө цас орохгүй, хамгийн хүйтэндээ 12°С болдог. Бас маш жижигхэн болохоор хүссэн үедээ далайн эрэг рүү явж болно. Би заримдаа өглөө босоод далайн эрэг рүү алхаж нар мандахыг хардаг. Гэмт хэрэг бараг гардаггүй, аюулгүй тайван орон болохоор, манай аав ээжид их таалагдсан. Амьдралын өртөг нь Монголоос арай илүү үнэтэй. Энэ сургуулийн захирал сургууль, оюутны байрны хажууд өөрөө гэрээрээ ферм ажиллуулдаг болохоор ногоо, жимсээ шинээр нь чанартай хямдхан худалдаж авдаг.
NCUK хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг эндээс үзэх.

Дээшлэх